top of page

Фэн Шуй

Фэн Шуй хэмээх энэхүү ухаан нь ямар нэгэн шашны үзэл суртал байдаггүй боловч бас ямар ч шашинтай харшилддаггүй болно. Учир нь та орчлон ертөнцийн нэгээхэн жижиг эд эс бөгөөд таныг тойрон хүрээлж буй эд зүйлс ч мөн адил нэгэн эд эс болдог. Тиймээс ч танд био хэмнэл буюу энерги байдаг бол тэрхүү таныг тойрон хүрээлж буй бүхий л биетэд өөр өөрсдийн шинжийг агуулдаг энерги бас байдаг. Хүний болон эд юмсын энерги хоорондоо зөв зохицсоноор та болон таны амьдрал аз жаргалтай, эрүүл энх, баян чинээлэг амьдрах нөхцөл бүрддэг.

 

Фэн шуй гэдэг нь “Салхи ба Ус” гэсэн утгатай Хятадаас гаралтай үг. Гэр орноо тохижуулах урлаг бөгөөд мөн түүнчлэн амьдрал, эрүүл мэнд, аз жаргал, амжилтанд хүрэх арга зам юм. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд Фэн Шуйгээс ангид ярих зүйл амьдралд бидний хүрээлэн буй орчинд үгүй.  2002 онд Англи улсын нэгэн Фэн Шуйгийн мастер Фэн Шуйгийн үүсэл хөгжил нь эртний Монгол улсаас гаралтай гэсэн бахдам сайхан мэдээллийг цацсан байдаг

Монголчууд бидний өвөг дээдсээсээ уламжлан ярьсаар ирсэн “Хүн рүү хуруугаараа зангаж болохгүй”, “Ширээ өнцөгдөж суудаггүй” гэх мэт сургааль үгс нь угтаа тэдний минь бидэнд үлдээсэн агуу баялаг Фэн Шуйгийн онолууд байжээ.

Фэн Шуйгийн ухааныг судласнаар та:
•    Өөртөө итгэлтэй
•    Амьдралын зорилготой
•    Эрүүл мэнд, болон тохиолдсон саад бэрхшээлийн учир шалтгааныг мэддэг
•    Эд баялаг, эрүүл мэнд, эрдэм мэдлэг зэрэг хүний 8 баялагийг хэрхэн хөгжүүлэх талаар зөв бодолтой болох
•    Байшин барилгаа эхнээс нь зөв зохицуулж барих
•    Орон гэрээ өөртөө ээлтэй энергээр хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Ингээд та бүхэндээ Фэн Шуйгийн зөвлөгөөнөөс хүргэе:


Найман зүг

Фэн Шуйд найман гол зүг чиг байдаг. Тус бүрдээ өөр өөрийн энергийн төрөлтэй. Эдгээр төрлийн энерги болон зүгүүдтэй танил болсноор, та амьдралдаа учрах олон бэрхшээлийг шийдэх өөр нэгэн хэрэгсэлтэй болж байгаагийн шинж юм. Жишээ нь өмнө зүгийн гал махбодын энерги, хамт олон, олон нийттэй холбоотой энергийг идэвхжүүлнэ гэсэн үг. Зүг бүр хэдэн өвөрмөц шинжтэй байдаг. Эдгээр шинж чанарууд нь өдрийн цаг, улирал, байгалийн сүлд тэмдэг, таван махбод, өнгө, гурван зураас зэргээр илэрхийлэгддэг.

    Гурван зураас гэдэг нь гурван параллель шугам бөгөөд зарим нь тасархай, зарим нь шулуун байдаг. Тасархай шугам Инь энергийг, харин шулуун нь ян энергийг төлөөлдөг. Төвийн энерги гэж байх ба энд найман зүг бүгд уулзан нийлдэг. Төвийн энергид харгалзах гурван зураас, сүлд тэмдэг, гэр бүлийн гишүүн, өдрийн цаг гэж байхгүй. Харин харгалзах дугаар байх ба энэ нь 5 юм.
Эдгээр энергийн аль нэгийг бий болгох хамгийн энгийн арга бол унтах зүгээ тодорхойлон толгойгоо зөв харуулж унтах явдал юм. Учир нь энерги хүний биед толгойгоор дамжин ордог байна. Мөн өөртөө ээлтэй зүг рүү чиглэн харж сууж болно. Таны гэрийн болон албан конторын аль хэсэг ямар зүгт, ямар энергийн хүч нөлөөнд оршин буйг мэдэхийн тулд план зургийг нь зураад төвийг нь олох шаардлагатайг санаж буй биз ээ.

Төв:

Төвийн энерги найман зүгийг бүгдийг нь зангиддаг учраас бүх энергийн хамгийн хүчтэй нь юм. Энэ нь өөрийн гэсэн гурван шугам, улирал, цаг, өдөр байхгүй бөгөөд, олны анхаарлын төвд байж алдартай болоход тус болж чадна. Хэрвээ боломжтой бол өрөө, байрныхаа төв, голыг уужим саруул цэвэрхэн байлгаж агаар солилцуулж байгаарай.

1. Хойд
•    Шөнө
•    Өвлийн дунд сар
•    Ус
•    Дунд хүү
Энэ зүгийн энерги илүү бие даасан, зорилготой, хийморлиг болон уран сэтгэмжтэй байхад тустай. Энэ нь цаашлаад ажил үйлсийн бүтэмжид сайнаар нөлөөлдөг. Үүнчлэн жирэмслэлт, бэлгийн амьдралыг сайжруулах, нойргүйдэл, хар дарж зүүдлэн, зочих, эрүүл мэнд зэрэгт энэхүү усан махбодын энергийн идэвхжил нэн нөлөөтэй .

2. Баруун урд
•    өдөр
•    Зун
•    Шороо
•    Эх
Ажлынхаа үр дүн, чанарыг сайжруулж илүү бодитой, үр бүтээлтэй байхад тустай энерги. Шороо махбодын энергийг идэвжүүлэх нь найз нөхөд, хайртай хүн болон гэр бүлийн харилцааг гүнзгийрүүлэхэд тустай. Энэ зүг гэрийн эзэгтэй, гэрлэлттэй эхтэй холбоотой байдаг учраас эхнэр, нөхрийн бие биедээ тавих халамжийг нэмэгдүүлдэг.

3. Зүүн
•    өглөө
•    хавар
•    аянга цахилгаан
Том хүү шинэ өдрийг төлөөлдөг. Энэ зүгийн энергийн идэвхжил нь аливаа шинэ зүйлсийг эхлэхэд сайнаар нөлөөлдөг төдийгүй өөртөө итгэх итгэл, зориг, нэр төрийг авчирдаг. Хэрвээ та эрт босохыг хүсвэл энэ зүг рүү харж унтаарай. Учир нь энэ зүг эрүүл чийрэг бие, эрч хүч бүхий энергийг үүсгэдэг.

4. Зүүн урд
•    бага үд
•    хавар зун руу шилжих үе
•    салхи
•    том охин
Хэрвээ та харилцааныхаа соёлыг сайжруулах, ярилцах, бүтээл тууривах, кино буюу ая дуу зохиох бол энэ зүгийн энергийн идэвхжил маш сайн нөлөөтэй. Энэ нь уран сэтгэмж сайтай, төсөөлөл сайтай энерги бөгөөд ирээдүйдээ ахиц гаргахыг хүссэн үедээ ашиглавал тустай. Иймээс айл гэрийн хувьд энэ зүгийг эд баялаг даллан дуудах зүг гэж үздэг.

5. Баруун хойд
•    үдэш
•    намрын адаг өвлийн эхэн
•    тэнгэр
•    аав
Гэр бүлийн эзний хувьд энэ зүгийн энерги туршлага, хар ухааныг төлөөлдөг. Тэгэхээр энэ зүгийн энергийн идэвхжил харилцаагаа сайжруулах, үүрэг хариуцлага, албан тушаалаа өсгөхөд тустай. Мөн агуу их ухаан, сэтгэлийн тэнхээ, итгэл бишрэл, хүндэтгэл хүлээхэд тустай.

6. Баруун
•    орой
•    намар
•    нуур
•    бага охин
Энэ зүгийн энергийн идэвхжил ямар нэгэн юмыг ашигтай хэмжээнд авчрахад тус болно. Сэтгэл ханамжтай амар тайван байх, санхүүгийн хувьд мэдээлэлтэй байхад тус болно. Бага охин тоглоом наргиантай, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай холбоотой учраас энэ зүгийн энерги нь хайр дурлал, баяр баясгалант харилцаанд тустай.

7. Зүүн хойд
•    үүрийн гэгээ
•    өвлийн адаг, хаврын тэргүүн
•    уул
•    бага хүү
Энэ зүг хурдан өөрчлөгдөх энергитэй учраас сэтгэл санаагаа цэвэрлэн, илүү шийдэмгий байх амьдралын шинэ сэдэл санаа бодоход тустай. Таныг илүү өрсөлдөөнтэй, хичээнгүй, шинэ боломжийг ашиглах, мөнгө олох чадвартай болоход тусална.

8. Урд
•    өдрийн дунд
•    зуны дунд
•    гал
•    дунд охин
Энэ зүгийн энерги өөрийгөө илэрхийлэх, нинжин сэтгэлтэй, нийтлэг, энэрэнгүй байхад тустай.

Зочны өрөөг тохижуулах 15 алхам

Зочны өрөө гэдэг тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг. Мөн гэр бүлийн нийт гишүүд бүгд цугларч амьдралын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө. Тиймээс ч энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман буланг нь олж махбодийнх дагуу тохижуулж болдог. Тиймээс энэ өрөөг ерөнхий гэр хэмээн авч үзэж болно.

1.    Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол
Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургуй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдэрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.

2.    Хаалга цонхны байрлал
Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаалгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшигөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.

3.    Өрөөний хэлбэр
Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу “Фэн Шуй” юм.

4.    Тавилгын байршил
Зочны өрөөний тавилга чинь орж ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалга. Энэ нь танай зочны өрөөнд байгаа хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд хамгийн тохиромжтой хэлбэр нь найман талтай буюу “Па Куа” толь шиг (зурагт үзүүлснээр) байвал маш сайн.

5.    Суудлын байрлал
Таны суудал таатай байрлалд байна уу? Таны ивээлтэй зүгрүү чинь харж байна уу? Та Фэн Шуйгийн тусламжтайгаар куа дугаараа ашиглаж өөрийн 4 сайн, 4 муу зүгийг олж өрөөнд байхдаа аль болох сайн зүгрүүгээ харж сууж байгаарай.

6.    Буйдан сандлын байрлал
Танай буйдан сандалууд өөд өөдөөсөө харсан эсэхийг хар. Энэ нь эрүүл бус харьцаа болон сөргөлдөөнийг бий болгодог. Зочны өрөөн дэх буйдан ороо цулгуй хананы өмнө ( ялангуяа өрөөний хаалганы эсрэг) тавибал сайн. Энэ нь яст мэлхийний тусламж авч байна гэж бэлэгддэг.

7.    Өнгө будаг
Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Ялангуяа засвар хийж буй айлд энэ нь бүр ч их хамаатай. Аливаа өнгө хэт их давамгайлвал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний чинь хана тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлхийн тулд тавилгандаа аль болох бараан өнгийг сонгоорой.

8.    Хурц ирмэг, үзүүртэй зүйлсээс зайлсхий
Мөн хурц ирмэгтэй зүйл болон янз бүрийн булан тохой тань руу чиглэсэн эсэхийг шалга. Ялангуяа таныг сууж байхад тань руу удаан хугацаагаар чиглэсэн ийм өнцөг нь таны ажлын амжилт, азын тэнгэр, сайн сайханд маш муу нөлөөтэй. Тиймээс тийм өнцөг засах арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй ба хялбар арга нь та өөрөө өөр тийш шилжиж байрлах явдал юм.

9.    Таазны хөндлөвч эрүүл мэндэд хортой
Хэрвээ таны чанх дээр байрлах ямар нэгэн хөндлөвч мод, эсвэл доош чиглэсэн хурц өнцөг байвал энэ нь маш муу Фэн Шуй ба даралт ихсэх ялангуяа зүрх судасны өвчтэй хүнд үхлийн аюулд ч хүргэх муу талтай. Түүнийг засахын тулд салхин хонх өлгөх, эсвэл “Бамбуу” (хулс) тарих хэрэгтэй.

10.    Амьд ургамал зочны өрөөнд сайн
Дээрхийн адил тань руу чиглэсэн хурц өнцөгийн нөлөөг зөөлрүүлэхдээ тэрхүү өнцөгөө дагуулж янз бүрийн ургамал, мөлхөө цэцэг тарьж болно. Тэрхүү ургамал, мөлхөө цэцгүүд нь өнцөгөөс гарах муу энергийн хүчийг маш сайн сааруулдаг юм.

11.    Эмх замбараагүй байлгах нь сөрөг муу энерги үүсгэнэ
Хэрэв таны зочны өрөө эмх замбараагүй, элдэв янзын хог новшоор дүүрэн байдаг бол үүнийгээ яаралтай засаж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь зочны өрөөний эмх замбараагүй бохир байдал нь таныг тав тухтай байдлыг эвдээд зогсохгүй маш муу энерги ялгаруулдаг юм шүү.

12.    Гэр бүлийн зурагаа хаана байрлуулах вэ
Зочдын өрөөнд гэр бүлийн гишүүдийн янз бүрийн жаазтай олон зурагнууд байх нь элбэг байдаг. Энэ нь дэмий зүйл бөгөөд түүний оронд гэр бүлийн ганцхан зурагийг гоёмсог жаазанд хийж Гэр бүлийн аз жаргалын булан болох зүүн ханандаа өлгөх тохиромжтой байдаг. Гэхдээ мэдээж зурагт багтсан хүмүүс баяр баясгалантай инээмсэглэж байвал илүү сайн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

13.    Замбараагүй хээ, хурц өнгө муу нөлөөтэй
Нүд чилж мэдрэл ядраамаар хурц, гял цал өнгөтэй, эмх замбараагүй хээтэй хивс болон хөшиг бүү тавиарай. Энэ нь таныг тайван сайхан амраахаасаа илүү эмх замбараагүй тогтворгүй болгож, ухаан санааг чинь будлиантуулж орхино.

14.    Найман зүгийн утга учирыг ойлгож ашигла
Хэрэв та өөрийн амьдралаа илүү утга учиртай болгъё гэвэл ертөнцийн найман зүгийнхээ утга учир, шинж чанарыг илүү сайн мэдэж авах хэрэгтэй. Ер нь Фэн Шуйд энэ найман зүг нь их чухал бөгөөд орчин тойрноо ойлгож хүндэтгэх ухаан гэдэг маань үүн дээр л суурилдаг юм. Жишээ нь: зүүн урд буюу эд баялагийн зүгт төмөр эдлэл болон телевизор тавих нь танай гэрт орж ирсэн модны буюу мөнгөний энергийг цавчиж устгах болно.

15.    Хэт модернист буюу авангард хийцийн тавилганаас зайлсхий
Өрөөний тавилга нь бодит амьдралд аль болох тустай, тогтвортой байхыг бэлэгдсэн байвал сайн. Эцэст нь, цэвэр цэмцгэр, зөв байрлалтай өрөөнд л энергийн урсгал жигд саадгүй эргэлдэж байх болно гэдгийг анхаараарай

Таван махбодын тухай

Инь, ян энергийг нарийвчлан судалбал чи энерги нь мод, гал, шороо, төмөр, усан махбодод задардаг. Эдгээр 5 махбод өөр өөрийн улирал (хавар, намар, намрын адаг, зун, өвөл) болон өдрийн тодорхой цагийг эрхшээдэг. Чи энергийн тухайн махбодын цаг болоход эдгээрийн уур амьсгал өнгө төрхийг төсөөлснөөр чи энергийн махбод бүрийг мэдрэх болно .

Таван махбодын эргэлт (зохилдлогоо)

    Цаг улирал солигдоход чи энергийн 5 төрөл тухай бүрт нь дагалддаг. 5 махбод нэг нь нөгөөтэйгээ харилцан хамааралтай байх нь Фэн Шуйгийн нэгэн гол зарчим юм.
Махбод бүр хойноосоо орж буй махбодын энергийг нэмэгдүүлэн тэтгэж байдаг. Тухайлбал ус модыг, мод галыг, гал шороог, шороо нь төмрийг, төмөр нь эргээд усаа тэтгэж байдаг. Ингэснээр махбодууд өөрийн тэтгэх тойргийг үүсгэнэ. Хэрэв 5 махбодын аль нэг нь энергээ авч чадахгүй дутагдвал өмнөх махбодынх нь энерги өөр махбод шингэснээр ус махбодоо эвдэлж эхэлдэг. Тухайлбал модон махбодын чи энерги багадсан уу усан махбодын энерги гал махбодын энергийг эвдэж муугаар нөлөөлдөг. Иймд гэртээ 5 махбодын энергийг тэнцвэржүүлэх нь чухал.
        Зургийн тайлбар:
    Таван махбодийн тойрогт махбод бүр нь дараагийн махбодио тэтгэж, харин түүнийг алгасаад дараагийн махбодио устгах нөлөөтэй байдаг.

Таван махбодыг ашиглан бэрхшээлийг шийдэх нь

    Таван махбод тус бүр өөр өөрийн сэтгэл хөдлөлтэй, зан чанартай байдаг. Иймд махбодын хүчийг мэдэж, зохицуулснаар та сэтгэл хөдлөлөө залж удирдаж чаддаг болно. Тэтгэх тойрогт үзүүлснээр хойдохь махбодоосоо энергийг нь авч хэт хүчирхэгжээд байгаа махбодын энергийг амьдрал ахуйдаа багасгах нь зүйтэй.
    Та мөн өмнөх бусад махбодын эвдэгдсэн, багассан энергийг нөхөж аваарай. Тухайлбал: Гунигтай байх нь төмөр махбодын Чи энергитэй холбоотой байдаг. Хэрэв та гунигтай, дорой байдаг бол ойр орчиндоо шороо болон усан махбодын энергийг нэмэгдүүлээрэй.

Модон махбод

Зан чанарын дутагдалтай тал
•    Уур уцаартай
•    Сэтгэл гонсгор байдал
•    Анхаарал болгоомжгүй
•    Тэсвэр тэвчээргүй
•    Түргэн хуумгай

    Ургамал, тэр дундаа өндөр ургамал, модон эдлэл юм уу, модон гадаргуутай зүйлс, тавилга, хувцасны өлгүүр мэтийн өндөр зүйлс, босоо гэрэлтүүлэг, босоо судалтай хээ зэрэг нь модон махбодын энергийг үүсгэдэг.

Гал махбод

Зан чанарын дутагдалтай тал
•    Хөөрөлтэй
•    Хэрүүлч
•    Хийрхүү
•    Уулгамч

Асч буй лаа, эсвэл задгай зуух, тод хурц гэрэл, нарны туяа, тод улаан юм уу, нил ягаан өнгө, шовх үзүүртэй од хэлбэрт зүйлс, гурвалжин пирамид хэлбэртэй эд, тахир муруй хээ, шовх навчтай ургамал зэрэг нь гал махбодын энерги үүсгэдэг.

Шороо махбод

Зан чанарын дутагдалтай тал
•    Бие даасан
•    Хашир хянамгай
•    Шийдэмгий бус
•    Болхи удаан
•    Хардамтгай
Шавар, шавран ваар, эдлэл, шар, бор, бор шаргал өнгө, шавар саванд ургаж буй намхан пагдгар ургамал, кофены ширээ зэрэг намхан, өргөн, тавилга хивс, хивсэнцэр хөшиг зэрэг нь шороон махбодын энергийг үүсгэдэг.

Төмөр махбод

Зан чанарын дутагдалтай тал
•    Гутранги үзэл
•    Мэдрэмтгий
•    Шийдэмгий бус
•    Гунигтай байдал
•    Муу санаатай

Ган, төмөр, гууль болон бусад төмөрлөг хэрэгсэл, занар, гантиг, боржин зэрэг хатуу чулуун гадаргуу, цагаан саарал эсвэл мөнгөлөг өнгө, дугариг бөмбөгөр, бөөрөнхий хэлбэрт эд зэрэг нь өрөөнд төмөр махбодын энергийг үүсгэдэг.

Усан махбод

Зан чанарын дутагдалтай тал
•    Уур уцаартай
•    Хариуцлагагүй
•    Ганцаардмал
•    Тусгаарлагдмал
•    Аймхай

Шилэн эдлэл, тунгалаг цайвар, шар, хар өнгө (толь болон шилэн нүүртэй зураг) толь болон нүүрийг нь шиллэсэн зураг, муруй тахир хэлбэртэй тавилга, мөлхөө ургамал усан махбодын энергийг үүсгэдэг.

Унтлагын өрөөнд зориулсан Фэн Шуйгийн тохижуулалт

Унтлагын өрөөний баримтлах зүйлс

    Унтлагын өрөө гэдэг айл гэрийн хамгийн чухал хэсгүүдийн нэгэнд ордог бөгөөд янз бүрийн энерги хургаж тогтохдоо амархан байдаг. Мөн нисэгч одны зурхай буюу цаг хугацааны нөлөөнд хамгийн амархан өртдөг.
Унтлагын өрөө нь хүний хувийн амьдрал болон өөрийгөө мэдрэх гол орчин болж байдаг болохоор түүнийг аль болох зөвхөн өөрийнхөө тав тухад зориулж тохижуулсан байвал зохино. Өөрөөр хэлбэл өөрийн онцлог буюу төрсөн жилийн шинж, зан чанартаа фэн шуйг ашиглаж тохирсон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Сүүлийн үед зарим айлууд бараг тавилгагүй шахам өрөөнд байх сонирхолтой болсон бөгөөд энэ нь хүний сэтгэлд ямар нэгэн хоосон орон зайг үүсгэж байдаг болохоор тийм ч таатай зүйл биш юм. Хамгийн чухал нь унтлагын өрөөнд таны ор байдаг ба танд өгч чадах ээлтэй энерги бүхий материал, өнгө хээтэйг сонгох хэрэгтэй.


Орны сонголт

Орыг сонгохдоо өөрийгөө болон хань ижилтэйгээ хамт байхдаа ч та хоёрыг хоёр нугалсан том өргөн байвал сайн. Хэтэрхий жижиг нарийн орон дээр унтаж байх нь таны амжилт болон алсын харааг багасгах болно. Гэхдээ Хятадын хаан шиг өөрийгөө хэд нугалах том орон дээр унтах нь сайхан боловч хамаагүй том ор нь хүнд өөртөө итгэлгүй, аймхай байдлыг үүсгэдэг.

Гудас

Нэг орон дээр нэг л гудас юм уу матрас хэрэглэж бай. Хоёр салангид ор, хоёр салангид гудас зэргийг зэрэгцүүлж тавьж байх нь хос хоёрыг салгах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Гэхдээ нэг бүтээлгээр бүтээсэн хоёр гудастай орноос салангид өөр өөр газар тавьсан хоёр ор байсан нь дээр.

Орны толгой

Ор заавал толгойтой байх ёстой. Ялангуяа ямар нэгэн хатуу хана руу орны толгой чиглээгүй нөхцөлд. Хатуу хана гэдэг нь хүнд ард талдаа уулын нөмөр нөөлөгт байгааг илэрхийлдэг. Мөн ор нь цонхтой хана руу чиглэсэн байж болохгүй. Хэрэв заавал тэгэж таараад байвал уг цонхондоо зузаахан хөшиг өлгөж өгөх хэрэгтэй.

Гал тогоонд зориулсан Фэн Шуйгийн тохижуулалт

Гал тогооны өрөө гэдэг айл гэрийн амин сүнс гал голомт нь болж явдаг. Мөн гал тогоонд хүний эрүүл саруул ухаанаар сэтгэх оюуны болон биеийн хүчийг тэтгэж байдаг хоол хүнс, тэжээл боловсруулагдаж хадгалагдаж байдаг болохоор энэ л хэсэг хамгийн цэвэр хамгийн сэргэг энергийн урсгалаар хангагдаж байх ёстой.

1.    Гал зуухаа гэрийнхээ гүн рүү байрлуул
Танай гал зуух боломжийн хэрээр гэрийн тань гүн рүү байх ёстой. Гол хаалгатай ойролцоо хэзээ ч бүү байрлуулаарай. Энэ нь танайд орж ирж байгаа эерэг нөлөөтэй сайн энерги шууд гал зууханд орж хайрагдах шарагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс аль болох гэрийнхээ хойд тал руу байрлуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бас хамгийн хойд тал гэсэн үг биш юм. Учир нь ертөнцийн зүгээр чанх хойд зүг нь усан амьсгалтай буюу усан махбодьтой тул танай гал голомтыг дарах, эхнэр нөхөр 2 байнга хэрүүл маргаантай байх, өвчин зовлонд ороогдох зэрэг сөрөг үр дагавартай.

2.    Гал зуухаа хэзээ ч баруун хойд буланд бүү байрлуул
Айл гэрийн гол хүн буюу хоол залгуулдаг хүний ажил төрөл бүтэлгүйтэх, эд баялаг, мөнгө төгрөгөөр хомсдох, цаашлаад эрүүл мэнд нь муудах зэрэг нь үүнээс шалтгаалдаг. Таны гал зуух баруун хойд буланд байрлаж байх нь төмрийн буланд байгаа их галыг илэрхийлдэг бөгөөд баруун хойд зүгийн төмөр махбодь нь гэрийн эзний буюу аавын буланд тооцогддог. Тиймээс гэрийн эзний хийморь сүлд, ноён нурууг шатааж байдаг. Мөн энэ зүг нь айл гэрийн бурхантай харилцах хаалга болж өгдөг учраас тухайн айлын өөдлөн дэвжих замыг хаах аюултай.
Засал:
Хэрвээ нэгэнт энэ буланд гал тогоо чинь байрласан бол ядаж галыг илэрхийлдэг тавилга хэрэгсэл болох зуух, шарах шүүгээ, будаа агшаагч зэргийг тэндээс холдуулж байрлуулаарай.
Фэн Шуйгийн засал:
Хэрвээ та дээрх аргын дагуу холдуулах боломжгүй бол баруун хойд хэсэгт нь дунд зэргийн бумба юм уу домбонд эсвэл вааранд нуурын тогтоол болон нэг хонуулсан крантны зөөлөн ус хийж тавь. Энэ нь муу нөлөө бүхий уг галын хүчийг бууруулах болно.

3.    Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж бай
Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж аливаа хиншүү хярвас, тогтсон муу энергийг зайлуулж байх нь зүйтэй. Өдөр бүр салхивчаа онгойлгож хоол их хийдэг байнгын ажиллагаатай байдаг бол цахилгаан сэнс тавих хэрэгтэй. Бохир, тоос шороо, тос хиншүү ихтэй гал тогоонд хэзээ ч бүү хоол хүнсээ бэлдэж бай.

4.    Жорлонгоос хол байлга
Хэрвээ танай гэрийн гал тогооны өрөө жорлонтойгоо ойр байвал мөн л адил муу нөлөө үзүүлдэг. Ялангуяа зуух буюу плетик рүү чинь жорлонгийн хаалга харахгүй байх ёстой. Ийм тохиолдолд жорлонгийн хаалгыг байнга хаалттай байлгаж плетикээ холдуулж тавихыг хичээгээрэй.

5.    Хогийн саваа нүднээс далд байлга
Хогийн сав нь айл гэрийн муу муухай хаягдал бүрийг цуглуулж байдаг учраас тэрхүү муу энерги танай хоол хүнс эрүүл байх нөхцөлд байнга сөрөг үр дагавар авчирч байдаг. Тиймээс хогийн савыг гал тогооноос гаргах юм уу аль эсвэл угаалтуурын доор шүүгээ хийж түүндээ тавих хэрэгтэй. Хогийн шүүр ч мөн адил нөлөөтэй юм.

6.    Махбодиуд зөрчилдхөөс болгоомжил
Гал тогоо гэдэг гал ус гэсэн хоёр томь махбодийг өөртөө багтааж байдаг. Энэ хоёрыг зөв зохицуулж чадвал айл гэрийн өөдлөн дэвжихэд сайнаар нөлөөлдөг. Харин буруугаар буюу хөргөгч, угаалтуур зэргийг гал болох зуух плетик рүү харуулсан байх нь маш хортой. Гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан, эмх замбараагүй байдлыг үүсгэдэг. Мөн зуух болон усны зүйлийг зэргэлдээ байрлуулж болохгүй.

7.    Галынхаа амыг харуулах зүг бас учиртай
Гэр бүлийн гишүүдийн мөнгө санхүү нь гал тогоонд гал буюу плетикний ам хаашаа харснаас шалтгаалдаг. Таны төрсөн жилийн куа дугаар нь тодорхой нэг зүгийн бүлэгт хамаарагдах ба энэ нь та хэрвээ зүүн бүлгийн хүн бол зуух тань мөн л зүүн зүг рүү харж байрласан бол сайнд тооцогдоно.
Гэр бүлийн гишүүд бүгд өөр өөр зүгийн буюу бүлгийн хүмүүс учраас ийнхүү зөрөх тохиолдолд зөвхөн гэрийн эзэн ба нөхрийнхөө ээлтэй зүг рүү амыг нь харуулж тавьсан байвал зохино. Гэрийн эзэгтэйд нөхрийнх нь ээлтэй зүг тохирдоггүй, түүнээсээ болоод хоол хийж байхдаа муу нөлөөнд автдаг бол та өөртөө ээлтэй байрлалтай зуух дахиж нэмж байрлуулаад өөрийнхөө ашигладаггүй зуухыг нөхрийнхөө ээлтэй зүг рүү байрлуулж түүнийгээ гэрийнхээ гал голомт гэж үзэж болно.

8.    Гал тогоо буюу зуухаа ашиглан бусад зүйлийг хөгжүүлж болно
Хэрвээ та өөрийн куа дугаарыг ашиглаж эд баялаг, эрдэм мэдлэг, хайр дурлал, хувийн хөгжил гэсэн 4 сайн зүгээ мэдэж байгаа бол зуухныхаа амыг тэдгээр зүгийн аль дутагдаж байгаа руу нь харуулж хөгжүүлж болох юм. Плетик буюу зуухаа тэр бүр хөдөлгөөд байж болохгүй учраас түүний оронд будаа агшаагч, шарах шүүгээ зэргээр төлөөлүүлж болно шүү дээ.

9.    Нэг удаагийн хутга болон халбага сэрээ, аяга сав хэрэглэхээс татгалз
Хэдийгээр хөдөө хээр аялал зугаалгаар явах, яаралтай цаг давчуу байхад хаяа хэрэглэхэд нэг удаагийн хэрэгслүүд амар боловч гэрийнхээ гал тогоонд ийм зүйлсийг байнга хэрэглэх нь таныг зориулалтын чанартай шилэн болон бусад төрлийн хэрэгсэл авах нөхцөлийг дарж байдаг бөгөөд байнга хэрэглэх нь хортой.

Хүүхдийн өрөөнд зориулсан Фэн Шуйгийн тохижуулалт

Хүүхдийн өрөө нь хүүхдийн хувьд унтаж амрах, тоглож наадах газар нь болдог тул өдрийн турш зугаатай, шөнө нь тайван амгалан байх ёстой. Энэ нь зүүн ба зүүн урд зүг юм. Баруун зүг ч бас ээлтэй сайн байдаг. Зүүн зүг залуу өсөн төлжиж буй энерги нь өсөлт дэвшилт хөгжилтэй холбоотой. Мөн энэ нь мандаж буй нар мэт эрч хүчтэй сэргэлэн цовоо байхыг илэрхийлдэг. Харин тайван унтаж амрахад тохиромжгүй хэтэрхий идэвхтэй энергитэй тул түүнийг нь жаахан бууруулж өгөх шаардлагатай. Баруун бол тайван тогтвортой энергитэй гүн бат нойрсоход зохицсон зүг юм. Чи энерги нь хөгжилтэй сэргэлэн цовоо боловч бусад зүгийнх шиг хэт идэвхтэй нөлөө үзүүлдэггүй.   

Цээрлэх, зайлсхийх зүйл:
Онгорхой хаалга: Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж, хөшгийг нь татаж бай. Энэ нь энергийг урсгалыг зөөлрүүлж, хүүхдийг тайван унтахад нь тусална.

Цонх: Орны толгойг цонхон доор хэзээ ч байрлуулж болохгүй. Энд Чи энерги хэт идэвхтэй байдаг тул тайван унтах боломжгүй.

Том тавилга: Хүүхдэд орон зай хэрэгтэй байдаг.Хэт том овор ихтэй тавилгууд нь өрөөг давчуу зай муутай болгодог.
Эмх замбараагүй байдал:Хүүхдийн өрөө хамгийн амархан бохирдож, заваарсан байдаг. Энэ нь тэдний хичээл сургууль, цаашдын хувь заяанд муугаар нөлөөлөх тул тэднийг өрөөндөө цэвэрхэн суудаг болгож сурга.

Цахилгаан хэрэгсэл: Онцын шаардлагаүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасны хэрэггүй.

Гэрэлтүүлэг: Дээшээ гэрэлтүүлэгч чийдэн нь таазыг гэрэлтүүлж  өрөөг уужим саруул мэт болгоно.

Юм хадгалах сав: Хүүхдийн тоглоом гэх мэт элдэв хэрэгслийг хэрэгслийг нь хадгалах маш их сав шүүгээ хэрэгтэй.

Ор: Давхар ор нь зай хэмнэхэд тустайгаас гадна, хүүхдүүдийг нэг зүгрүү харуулж унтуулдаг болсноор хоорондоо эвтэй болдог сайн талтай хүүхдийн ор хамгаас илүү тохитой эвтэйхэн байх ёстой.

Тавилга: Дугуй сандал ширээ нь “огтлогч Чи” энергийг үүсгэдэггүй сайн талтай.
Шал: Цэвэр модон шал нь  махбодын энергийг нэмэгдүүлж, энергийн зогсонги байдалд орохоос сэргийлэхээс гадна цэвэрлэхэд хялбар байдаг.

Хана: Цайвар усан цэнхэр өнгө нь тайвшруулах нөлөөтэй ба одтой хээ угалз нь галыг бэлгэдэнэ.

Зураг:Хананд өлгөдөг даавуун зурагнууд нь энергийг удаашруулах тайван амгалан уур амьсгал үүсгэдэг.
Хөдөлгөөнт дүрс, тоглоом:Ийм тоглоом нь сэргээх хөгжөөх эсвэл амрах тайвшруулах нөлөөтэй.

Тоглоом: Модон тоглоом нь хамгийн зөөлөн эвтэйхэн тохиромжтой байдаг. Шөнө нь тоглоомуудыг заавал далд хийж хурааж байгаарай.

bottom of page